Ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад
үлдэж байна


Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

Ил тодын хуулийн хүрээнд 861 тэрбум төгрөгийн эд хөрөнгө ил болоод байна


Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Лхамжаваас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих хугацаа дуусахад 20 гаруй хоног үлджээ. Энэ хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд хэр хамрагдаж байна вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд ганцхан татвар, гааль гэхгүйгээр нэлээд хэдэн байгууллагад шууд хандаж, нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил болгох боломжтой болсон. Энэ хуулийн идэвхжилтийн хугацаа аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Хэдий хууль наймдугаар сард батлагдсан ч хууль хэрэгжүүлэх журам, тайлан балансыг цахимаар авах техникийн бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орсон. Аравдугаар сарын 1-нээс хувь хүн, хуулийн этгээд идэвхтэй хандаж нуун дарагдуулсан эд хөрөнгө ил болгож, тайлангаа өгч байна. Энэхүү хуулийн хүрээнд хувь хүн аж ахуйн нэгжийг зургаан төрлийн татвараас чөлөөлөхөөр заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд 861 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын үнэлгээтэй 846 ширхэг тайлан хүлээн аваад байна. Ойролцоогоор 129 тэрбум төгрөгийг татвараас бүрэн чөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын газрын ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийтдээ 48 аж ахуйг нэгж байгууллага нийгмийн даатгалын нөхөн тайлан гаргаж, үүнээс нь 13 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж, 10.8 сая төгрөгийн шимтгэлийн нөхөн тайланг гаргаж өгсөн байна. Нийгмийн даатгалын хувьд нэг онцлог бий. Хувь хүн, хуулийн этгээд татвараас болж эд хөрөнгөө нуун дарагдуулсан бол тайлан өгөөд бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Харин нийгмийн даатгалын хувьд тухайн хуулийн этгээд буюу ажилчин нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэвэр авах эрх үүсч байгаа учраас шимтгэлийг заавал нөхөн төлүүлэх процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ажилчны 10, ажил олгогчийн 10 хувийн шимтгэлээ тайлагнасан хугацаагаар нөхөн төлнө. Хуучин бүртгэлтэй байсан 33 аж ахуйн нэгж байгууллагаас нийгмийн даатгалын нөхөн тайлан гаргаж 33 тэрбум төгрөгийг шимтгэл төлөхөөр болоод байна.
-Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан эд хөрөнгийг зургаан төрлийн татвараас бүрэн чөлөөлж, татварыг төлүүлэхгүй юм байна. Харин нийгмийн даатгал төлөөгүй байсан бол нөхөн төлүүлж, хүү алданги тооцохгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Гааль, онцгой, үл хөдлөх, аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар гэсэн зургаан төрлийн татвараас зайлсхийж, эд хөрөнгөө нуун дарагдуулж байсан бол хуулийн хэрэгжих хугацаанд ил болгосноор ямар нэгэн торгууль алданги тооцохгүйгээр нэг удаа өршөөж байгаа юм. Ингэхдээ 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө нуун дарагдуулсан эд хөрөнгө, үйл ажиллагаа хамаарна. Онцгой албан татвар, гаалийн татвар, хил дээр тавигдсан НӨАТ-ыг Гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой байгаа. Жишээ нь, Гаалийн байгууллагын хувьд нэг иргэн найман аж ахуйн нэгж 6000 орчим нэр төрлийн найман сая ам.долларын өртөг бүхий бараа, тээврийн хэрэгслийг нөхөн мэдүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 26 хуулийн этгээд үйл ажиллагаагаа шинээр бүртгүүлсэн байна. Хэрвээ хуулийн дагуу тухайн этгээдүүд бүртгүүлсэн бол нийт 15 сая төгрөгийн торгууль ногдохоор байсан. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дагуу энэ торгуулиас бүрэн чөлөөлөгдөж байна. Эд хөрөнгийн бүртгэлийн хувьд нийтдээ 48 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 23 удаа бүртгэл хийгдсэн. Үүнээс найм нь огт бүргэгдээгүй, шинэ оффисын барилга байсныг ил болгосон.
-Гадаадад эд хөрөнгөө нуун дарагдуулж байсан хувь хүн, хуулийн этгээд энэ хуульд хамрагдаж, тайлан балансаа ил болгосон тохиолдол гарсан уу?
-Одоогоор байгууллагуудаас бүртгэлийн мэдээллүүдээ нэгтгээгүй байгаа учраас шууд хэлэх боломжгүй. Гэхдээ арваннэгдүгээр сарын сүүлээр нэгтгэсэн мэдээлэлд гадаадад эд хөрөнгөө нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээд байгаагүй. Санхүүгийн хоёр тайлан баланс гаргаж байсан аж ахуйн нэгжүүд нэлээд хамрагдах хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд нийт 432 байгууллага санхүүгийн тайлангаа шинээр мэдүүлэхээр цахим бүртгэлд шивэлтээ хийсэн байна. Үүнийг бүрэн баталгаажуулж авснаар албан ёсоор тайлангаа өгсөнд тооцож байгаа. Одоогоор 71 байгууллага бүрэн баталгаажуулж, бусад нь хүлээлтийн байдалд байна.
-Хууль хэрэгжих хугацаа дуусах дөхөж байгаа учраас хувь хүн аж ахуйн нэгжийг хамруулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл тайлан өгөх боломжтой. Татвар төлөгчдийг энэ хуульд өргөн хамрагдах боломжийг олгох зорилгоор дээр дурдсан зургаан төрлийн татвар дээр татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаагүй л бол Татвар, Гаалийн байгууллагаас хяналт шалгалтыг хийхгүй байх чиглэлийг өгсөн байгаа. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Татвар, гаалийн байгууллагын хяналт шалгалт хэвийн үргэлжилнэ . Ил тод байдлын хуулийн хүрээнд тайлагнасан хувь хүн, аж аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг буцааж шалгахгүй. Хууль хэрэгжих хугацаа дуусахад 20 гаруйхан хоног үлдэж байгаа учраас эд хөрөнгө нуун дарагдуулсан хувь хүн аж ахуйн нэгжүүд амжиж тайлангаа өгөх хэрэгтэй байна. Дахин ийм боломж, хууль гарахгүй гэдгийг санах хэрэгтэй. Тайлан өгөх давтамж энэ сараас эхлэн идэвхжих хандлагатай  байгаа учраас аль болох эрт өгөх хэрэгтэй. 
Эх сурвалж: Э.Мөнхцэцэг /www.itoim.mn/